Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний Инженерчлэлийн сургуулийн төлөөлөгчид БНХАУ-ын Шанхай хот дахь хамтын ажиллагаатай Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (University of Shanghai for Science and Technology, USST)-ийн салбар “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, инженерчлэл” болон “Эрчим хүчний инженерчлэлийн сургууль”-д 2026 оны 9 дүгээр сарын 12-ноос 17-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.

Томилолтын бүрэлдэхүүнд Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Цахилгаан техникийн тэнхимийн эрхлэгч Д.Пүрэвдаш, Дулааны хангамж, автоматжуулалтын тэнхимийн эрхлэгч П.Бямбацогт, Цахилгаан техникийн тэнхимийн дэд профессор М.Бумбат нар ажиллав.

Айлчлалын үндсэн зорилго нь хоёр их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах, хэрэгжиж буй болон шинээр эхэлж буй хамтарсан хөтөлбөрүүдийн сургалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэхэд оршив.
Томилолтын хүрээнд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт 2+2 хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт болон сургалтын зохион байгуулалттай танилцаж, ШУТИС-аас шилжин суралцаж буй оюутнуудын бүртгэлийн үйл ажиллагаанд оролцлоо. Мөн оюутны бүртгэл, чиглүүлэх үйлчилгээ, сургалтын орчин, оюутны үйлчилгээний тогтолцоо болон шинээр элсэгч оюутнуудыг хүлээн авах, бүртгэх үйл ажиллагааны зохион байгуулалтын туршлагыг судлав.

Төлөөлөгчид тус сургуулийн кампус, сургалтын байр, оюутны үйлчилгээний орчин болон Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрийн сургалт, судалгааны лабораториудтай танилцаж, лабораторийн тоног төхөөрөмж, практик сургалтын зохион байгуулалт, сургалт-судалгааны орчны талаар туршлага солилцов.

Түүнчлэн ШУТИС-ЭХИС болон Шанхайн ШУТИС, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн хооронд Хөргөлтийн технологи ба кондиционерын системийн инженер 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн хичээлүүдийн уялдаа холбоо, лабораторийн бааз, практик сургалтын орчинтой танилцаж, хөтөлбөрийн цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Энэхүү албан томилолтын үр дүнд хоёр их сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлэх, 2+2 хамтарсан хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын сургалт, үйлчилгээний нөхцөлтэй танилцах, сургалт болон лабораторийн зохион байгуулалтын сайн туршлагыг судлах боломж бүрдэв. Мөн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт болон Хөргөлтийн технологи ба кондиционерын системийн инженер хамтарсан хөтөлбөрүүдийг цаашид тогтвортой хөгжүүлэх, сургалтын төлөвлөгөөний уялдаа холбоог сайжруулах, багш, оюутны академик солилцоо болон сургалт-судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд санал солилцов.

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль нь олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан инженерийн боловсролын чанарыг дээшлүүлэх, оюутнуудад олон улсын түвшний сургалтын орчинд суралцах боломжийг нэмэгдүүлэх, хамтарсан хөтөлбөрүүдийн үр өгөөжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.
ШУТИС–ЭХИС-ийн төлөөлөгчид Шанхайн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд албан томилолтоор ажиллалаа
“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ БА СИСТЕМ” БАКАЛАВРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ШУТИС-ЭХИС-иас 2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах мэргэшлийн зэрэг олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө
БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН II ХУРАЛ ICDBE 2026 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БНСУ-ын Кённам мэдээлэл технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа