Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем

“Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” магистрын хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн зорилго:

Цахилгаан эрчим хүчний системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, диспетчерийн зохицуулалтанд тоон технологийг ашиглах, удирдлагын автоматжуулсан системд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн боловсруулалтын үр дүнг оновчтойгоор нэвтрүүлэх чадвартай судлаач магистр оюутан бэлтгэн гаргах.

Хөтөлбөрт суралцсанаар дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Үүнд:

  1. Ухаалаг системийн бүтэц, архитектурын тухай мэдлэг эзэмшинэ.
  2. Хиймэл оюун ухааны зарчмыг судална
  3. Их өгөгдлийн бааз бүрдүүлэх
  4. Цахилгаан эрчим хүчний ухаалаг системд тавигдах шаардлагуудыг судална.
  5. Синхрон хэмжилтийн аргуудыг эзэмшинэ.
  6. Ухаалаг удирдлагын системийн схем шийдлийг боловсруулна.

Сургалтын үргэлжлэх хугацаа: Хоёр хичээлийн жил

Нийт судалбал зохих кредит цаг: 33

Хөтөлбөрийн давуу тал:

  • Хяналт удирдлагын систем, хэмжилт мэдээллийн тоон техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, схем боловсруулалтын онолын өндөр мэдлэгийг эзэмшинэ.
  • Ухаалаг эрчим хүчний системийн элемент болох WAMS системтэй ажиллах мэдлэгтэй болно.
  • Орчин үеийн тоон технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн боловсруулалтын программ хангамжуудтай ажиллана.

Ажил мэргэжлийн хөгжил:

  • Ухаалаг удирдлагын систем, автоматжуулалт, реле хамгаалалт автоматикийн инженер, хэмжилт мэдээллийн системийн инженер, эрчим хүчний системийн программ хангамжийн инженер, диспетчер инженерээр эрчим хүчний бүх салбарт ажиллах боломжтой мэргэжилтэн болж төгсөнө.
  • Судалгаа, төсөл, хөгжүүлэлт хийх, тооцооны инженерээр ажиллах, хойшид докторын сургалтанд хамрагдах боломжтой.

Судалгааны орчин, багшлах боловсон хүчин:

  • Тус хөтөлбөрт шинжлэх ухааны суурь, мэргэшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийг ОХУ, БНХАУ, Япон, Солонгос гэх зэрэг олон улсад болон дотоодод эрдмийн зэрэг хамгаалсан зуун хувь доктор зэрэгтэй судлаач багш нар удирдан явуулах бөгөөд асуудалд суурилсан сургалт (PBL and Capstone), симуляцад болон туршилтанд суурилсан сургалт (lab-centruc courses), судалгаанд суурилсан (RBL) гэх мэт ахисан түвшний сургалтын арга барилаар хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
  • “Цахилгаан системийн реле хамгаалалт, скада системийн туршилт, судалгааны лаборатори” нь тус хөтөлбөрийн үндсэн лаборатори бөгөөд сүүлийн үеийн тоон реле хамгаалалт, ухаалга тоон төхөөрөмжүүд (IED), алсын терминал нэгж (RTU) зэрэг төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд тус лабораторид эрчим хүчний системийн хэмжээний хяналт удирдлага, автоматикийн СКАДА системийн загвар хийж туршилт тохируулга хийх боломжтой.

  • Системийн хэмжээний хамгаалалт, автоматикийн хариу үйлдлийг туршиж шалгахын тулд гурван фазын гүйдэл, хүчдэл шахах боломж бүхий Megger-Sverker 900 туршилтын төхөөрөмжийг ашигладаг бол эрчим хүчний чанарын хэмжилтийг хийхэд Megger-MPQ2000, Megger-PMM-1 зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна.