Мэндчилгээ

      Эрчим хүчний инженерчлэлийн сургууль нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг бөгөөд 1960 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетад Эрчим хүчний салбарын дотоодын өндөр боловсролтой тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Цахилгааны инженерийн тэнхимийг нээснээр манай сургуулийн суурь тавигдсан.

     Өнгөрсөн 65 жилийн түүхэн он жилүүдэд олон мянган инженерүүд эрчим хүчний салбарын бүхий л мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэргийн сургалтаар төрөн гарч, улс орныхоо хөгжлийг тодорхойлж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, хөгжлийн түүчээ болсоор ирсэн.

     Одоо манай сургууль нь 6 тэнхим, 110 гаруй эрдэмтэн, багш, ажилтан, 7 эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

     Манай багш нар инженер техникийн ажилтан, судлаачид бэлтгэхээс гадна эрчим хүчний салбарт тулгамдаж буй аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж шийдвэрлэх, шинэ дэвшилтэт техник технологи бий болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх оюуны өндөр чадавх бүхий эрдэмтдийн хүний нөөцтэй. Тус сургуулийн багш нарын 60 гаруй хувь нь эрдмийн зэрэгтэй, 3 ШУА-ийн жинхэнэ гишүүн, 3 академич, 6 төрийн шагналт, гавьяат багш нар байгаа нь үүний нэг илрэл юм.

     Тус сургууль нь ШУТИС-ийн хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэн эрчим хүчний салбарын болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерчлэлийн 14 чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтуудыг явуулж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн хурдацтай хөгжилтэй уялдуулан сургалтын төлөвлөгөөгөө байнга шинэчилж, хөдөлмөрийн зах зээлийн сонирхол, шаардлагад нийцсэн дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэхээр зорин ажилладаг.

    Дотоод, гадаадын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар сүүлийн жилүүд сургалт, судалгааны тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, уламжлалт сургалт, судалгааны баазаа сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

    Монгол Улсын Эрчим хүчний салбарын чадварлаг, бүтээлч инженерүүдийг бэлтгэх үйлсэд та бүхэнтэй хамтран ажиллахад манай сургуулийн хаалга нээлттэй байх болно.

 

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал

Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

 

MENU