БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН II ХУРАЛ ICDBE 2026 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
battumur

    Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Монголын Эмнэлгийн Инженерчлэлийн Нийгэмлэг, БНСУ-ын Wonju Medical Industry Institute of Technology хамтран Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд “The 2nd International Conference on the Development of Biomedical Engineering – ICDBE 2026” Биоанагаахын инженерчлэлийн хөгжлийн олон улсын II хурал 2026 оны 8 дугаар сарын 22–26-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Туушин зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус хурал нь биоанагаахын инженерчлэл, эмнэлгийн техник технологи, эрүүл мэндийн технологийн менежмент, хиймэл оюун ухаан, дижитал эрүүл мэнд, инженерийн боловсролын чиглэлээр олон улсын эрдэмтэн, судлаач, инженер, багш, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, судалгааны үр дүн, туршлага, технологийн шинэ чиг хандлагыг хэлэлцсэн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны чухал арга хэмжээ боллоо.

     Олон улсын эрдэмтэн, судлаачид мэдлэг, туршлагаа хуваалцлаа

   Хуралд Монгол Улсаас гадна Аргентин, БНХАУ, Малайз, БНСУ, Вьетнам зэрэг орны их сургууль, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, биоанагаахын инженерчлэлийн салбарын өнөөгийн хөгжил, шинэ технологи, судалгаа, боловсрол болон олон улсын хамтын ажиллагааны талаар санал, туршлага солилцов.

Хурлын эрдэм шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд үндсэн илтгэл тавьж, судлаачдын аман болон постер илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

    Эрдэм шинжилгээний илтгэлүүд нь Biomedical Engineering Education, Health Technology Management and Regulatory Affairs, Artificial Intelligence and Machine Learning, Biomedical Optics and Biosensors, Biomaterials and Biochips, Biomechanics, Bioelectronics and Robotics, Medical Systems and Imaging, Clinical Engineering, Medical Data and Informatics зэрэг биоанагаахын инженерчлэлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлүүдийг хамарсан юм.

    “Biomedical Engineering Education in the Digital Era” панел хэлэлцүүлэг

    Хурлын хүрээнд “Biomedical Engineering Education in the Digital Era” сэдэвт панел хэлэлцүүлгийг зохион байгуулж, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан болон эрүүл мэндийн шинэ технологийн эрчимтэй хөгжил биоанагаахын инженерийн боловсролд хэрхэн нөлөөлж буй талаар олон улсын төлөөлөгчид хэлэлцлээ.

    Панел хэлэлцүүлгээр биоанагаахын инженерийн сургалтын хөтөлбөрийг технологийн хөгжилтэй уялдуулан шинэчлэх, оюутнуудад хиймэл оюун ухаан, дижитал эрүүл мэнд, эмнэлгийн дүрслэл, өгөгдлийн шинжилгээ, ухаалаг эмнэлгийн төхөөрөмжийн чиглэлээр шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг онцлов. Түүнчлэн их сургууль, эмнэлэг, үйлдвэрлэл, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын хамтарсан сургалт, судалгаа болон оюутан, багш солилцоог өргөжүүлэх нь ирээдүйн биоанагаахын инженерүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой талаар санал солилцлоо.

    Монгол Улсын хувьд биоанагаахын инженерүүдийг зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр бус, судалгаа, технологийн төлөвлөлт, инноваци, хиймэл оюун ухаан, эмнэлгийн өгөгдөл болон дижитал эрүүл мэндийн хөгжлийг манлайлах инженер, судлаач болгон бэлтгэх нь дараагийн шатны хөгжлийн чухал зорилт болохыг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

     Олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдэв

    Хурлын хүрээнд гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл цаашид хамтарсан судалгаа хийх, багш, судлаач, оюутны солилцоог өргөжүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн олон улсын зочид, төлөөлөгчид ШУТИС болон эрүүл мэндийн байгууллагуудын сургалт, судалгаа, эмнэлгийн инженерчлэлийн практик орчинтой танилцах техникийн аялалд оролцлоо.

     ICDBE 2026 олон улсын хурал нь Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бэлтгэж ирсэн 30 жилийн түүх, ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ Монголын биоанагаахын инженерчлэлийн боловсрол, судалгааг олон улсын түвшинд хөгжүүлэх, шинэ хамтын ажиллагаа бий болгох, хиймэл оюун ухаан, дижитал эрүүл мэнд, инновацад суурилсан салбарын хөгжлийн дараагийн үеийг эхлүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.